Бизнесийн Ухааны тэнхимийн тэнхим, хөтөлбөр сурталчилах 7 аян зохион байгууллаа

Бизнесийн Ухааны тэнхимийн мэргэжил сурталчилах 7 хоног 2018 оны 4 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус 7 хоногийн үеэр менежмент, маркетинг  хөтөлбөр сурталчилгаа, төгсөгчидийн уулзалт, менежмент, маркетингийн номын үзэсгэлэн, амжилттай ажиллаж буй менежерүүдтэй хийх уулзалт ярилцлага, олимпиад, оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан, спортын арга хэмжээ зэрэг багш, оюутнууд, төгсөгчидийг хамруулсан олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БУ-ны тэнхимийн эрхлэгч Н.Цэрмаа, ахлах багш Д.Сансар нар МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрөөр суралцаж буй 1 дүгээр түвшиний оюутнуудад Менежмент, Маркетинг болон хавсарга хөтөлбөрийн тухай танилцуулж мэдээлэл хүргэлээ.

Мөн арга хэмжээн дээр тус тэнхимийн төгсөгч Мобиком ХХК-ний  менежер  О.Хадбаатар, Эрдэнэт хивс ХХК менежер Н.Батцэцэг, НаноИнтернэйшнл ХХК менежер н.Эрболд нар оюутнуудтай уулзалт хийж оюутнуудын сонирхсон асуултад хариулан,  ажил мэргэжлийнхээ онцлог, ач холбогдолын талаар ярилцлаа.

Төгсөгчидтэй уулзалт хийж байгаа нь

Мөн төгсөх ангийн оюутан Ө.Мөнхжаргал “Бид ирээдүйн менежер” сэдэвт илтгэл тавилаа.    

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрдэнэт сургуулийн оюутнуудын дунд хичээлийн завсарлааны үеэр “Авхаалжтай оюутан”, “Чанга шивнээ” “80 онооны уналт”, “Дүрслэл”, “60 секунд”, “АХА” зэрэг олон сонирхолтой  хөгжөөнт тэмцээн зохион явуулж, тус бүр эхний байруудыг шалгаруулж урамшуулсан байна.

“Чанга Шивнээ”Хөгжөөнт тэмцээн

 

“60 секунд” тэмцээнд оролцогчид

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7 хоногийн арга хэмжээний хүрээнд багш П.Эрдэнэцэцэг, А.Батдаваа нар I түвшиний оюутнуудын дунд Математикийн хичээлээр АСТ зохион байгууллаа. Уг тэмцээнд БУ-I-3 анги I байр, БУ-I-1 анги II байр тус тус эзэллээ.

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэт сургуулийн I түвшиний оюутнуудын дунд Математикийн хичээлээр олимпиад явуулж БУ-I-3 ангийн оюутан Норжинсүрэн, БУ-I-1 ангийн Батнамуун, БУ-I-1 ангийн Хонгорзул нар эхний байрт шалгарсан байна.

2018 оны 4 дүгээр сарын 9, 12-ны өдрүүдэд Менежмент, Маркетинг хичээлийн номын үзэсгэлэнг тус сургуулийн номын сантай хамтран зохион байгуулж, мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг танилцуулж сурталчилгаа хийсэн байна.           

Менежмент, Маркетинг номын үзэсгэлэн

БУ-ны тэнхимийн 7 хоногийн үеэр  явагдсан нэг онцгой арга хэмжээ бол “Том сэтгэл-Учрал охин” сайн үйлсийн аян бөгөөд сургуулийн хамт олноос цугларсан 35740 төгрөгийг хандивын аяны дансанд шилжүүлсэн байна. Тус аяныг багш П.Эрдэнэцэцэг оюутнуудын хамт амжилттай явуулжээ.

Тэнхимийн 7 хоногийн хүрээнд Монголын Оюун Ухааны академийн Орхон аймаг дахь салбараас Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Б.Ариунбилэг нарын 8 тамирчин, 2 багшийн хамт хүрэлцэн ирж Эрдэнэт сургуулийн оюутнуудад “Сэтгэхүйн гайхамшиг” ой тогтоолтын үзүүлэх тоглолт хийж сонирхууллаа.

“Сэтгэхүйн гайхамшиг” үзүүлэх тоглолт 

Тэнхим сурталчлах арга хэмжээний үеэр уламжлал болсон Оюутны эрдэм шинжилгээний хурлыг 4 дүгээр сарын 13-нд зохион байгууллаа. Үүнд тус тэнхимийн БУ-I түвшиний оюутнууд мөн БУ-4, МКМ-4 ангийн 7 оюутан илтгэл тавьж оролцлоо.  

Оюутны Эрдэм шинжилгээний хурал

2018 оны 4 дүгээр сарын 12-ны  өдөр уламжлал болсон спортын арга хэмжээг Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн ангилалаар тэнхимийн оюутнуудын дунд зохион байгуулж аваргуудыг тодрууллаа. Тэмцээн БУ-ны тэнхимийн харьяа Бизнесийн менежментийн-4, Маркетингийн менежментийн-4, Бизнесийн удирдлагын 1-1,2,3 зэрэг 5  ангийн 50 гаруй тамирчидын дунд өрсөлдөөнтэй боллоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд Э.Дамдиндорж ахлагчтай БМ-4анги  1-р байр эзэлж алтан медаль мөнгөн шагнал, Булгантамир ахлагчтай БУ-1-2 анги 2-р байр эзэлж мөнгөн медаль тус тус хүртсэн бол гар бөмбөгийн тэмцээнд Тогтохбазар ахлагчтай БУ-1-1 баг 1-р байр эзэлж алтан медаль мөнгөн шагнал, Э.Дамдиндорж ахлагчтай БМ-4анги 2-р байр эзэлж мөнгөн медаль мөнгөн шагнал тус тус хүртлээ.