МАРКЕТИНГ БА МЕНЕЖМЕНТ ДЭХ МАТЕМАТИКИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮРЭЭ

А. Батдаваа

Орчин үед математикийн арга, аппаратуудыг ашиглан тооцоо, шинжилгээ хийх нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжил дэвшилд хүрэх гол багаж зэвсэг болоод байна. Ялангуяа эдийн засгийн салбар дахь математикийн хэрэглээ нь маш өргөн хүрээтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл юм. Математикийн мэдлэгийг ашиглахгүйгээр эдийн засгийн салбарын шинжлэх ухаануудын хөгжлийн талаар ярих боломжгүй бөгөөд тодорхой биеэ даасан шинжлэх ухаан ч гэж хэлэгдэхгүй юм.

Техник, технологийн үсрэнгүй хөгжил бүхий хатуу ширүүн өрсөлдөөнт нөхцөлд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, цаашлаад улс орнууд математик аргуудын тусламжтайгаар тооцоо, шинжилгээ хийснээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, хөгжих бололцоотой болох ба эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадах билээ. Иймд эдийн засгийн чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд математикийн мэдлэгийг аль болох өргөн хүрээтэйгээр эзэмших шаардлагатай байдаг.

Математикийн салбар ухаануудын маркетинг, менежмент дэх хэрэглээг харуулах зорилготойгоор эх сурвалжуудаас холбогдох материалуудыг түүвэрлэн авч тодорхой ямар асуудлуудыг шийдэж болох талаар цөөн тооны жишээг оруулан дараах хүснэгтийг байгууллаа.  

Хүснэгт 2

Аргууд

Аргын утга, зориулалт

Хэрэглэх жишээ

1

Таамаглалын дасан зохицох загварууд

Adaptive Prediction Models

Дасан зохицох загварчлал нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд өөрийн бүтэц болон  параметрүүдийг хурдан өөрчилж чаддаг загварыг байгуулах

Барааны улирлын эрэлт хэрэгцээг урьдчилан таамаглах

Хэрэгцээт барааны үнийн богино хугацаан дахь таамаглал

2

Ангилан ялгах шинжилгээ

Discriminant analysis

Объектуудыг хоёр болон түүнээс дээш бүлгийн алинд нь орох вэ гэдгийг тодорхойлох боломжийг өгдөг олон хэмжээст статистик шинжилгээний арга

Хүмүүсийг тухайн барааг худалдан авах болон авахгүй гэсэн хоёр хэсэгт хуваах үед ашиглагдах хүчин зүйлүүдийг үнэлэх (нас, боловсрол, нийгмийн байр суурь)

Хүчин зүйлсүүдийн тодорхой жагсаалтаар чадвартай хэрэглэгчдийг ижилсүүлэх системийг байгуулах

Үйлдвэр аж ахуйн нэгжийг бүлгүүдэд хуваахад давамгай нөлөө үзүүлэх хувьсагчдыг ялгах

3

Хүчин зүйлийн шижилгээ

Factor analysis

Эцсийн үр дүнгийн үзүүлэлтийн утганд нөлөөлөх хүчин зүйлүүдийг хэмжих системтэй судалгаа, шинжилгээний арга,  Шинжилгээний үр дүнд хүчин зүйлүүдэд чанарын болон тоон утгуудыг оноодог

Хэрэглэгчийн сонголтонд нөлөөлөх барааны үзүүлэлтүүдийг тодорхойлох

Хэрэглэгчдийг бүлэглэх зорилгоор нууцлагдмал хувьсагчдыг тодорхойлох

Үнэнч, үнэнч бус хэрэглэгчийн хоорондох ялгааг тайлбарлах

Том хэмжээний багцыг хувьсагчдаараа сайтар илэрхийлэгдсэн жижиг багцруу хөрвүүлэх

4

Кластерийн шинжилгээ

Cluster analysis

Судлагдаж байгаа нийт объектуудыг тодорхой зорилгоор нэгэн төрлийн хэд хэдэн ангид барагцаалан хуваах  

 

Тухайн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг тодорхойлох

Маркетингийн янз бүрийн стратегүүдийг шалгахын тулд харьцуулах боломжтой хотуудыг сонгох

Өгөгдлийн хэмжээг бууруулах

5

Дисперсийн шинжилгээ

Dispersion analysis

Ямар нэг туршилтын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн үнэлгээг тогтоох, мөн түүнчлэн дараагийн ижил туршилтуудыг төлөвлөхөд зориулагдсан статистикийн арга 

 

Тухайн барааны борлуулалтанд сурталчилгаа ба үнэ нэгэн зэрэг нөлөөлөх түвшинг үнэлэх

Янз бүрийн зар сурталчилгааг үзэж буй хүмүүсийн бараанд өгөх  үнэлгээний ялгааг  тайлбарлах

Хэрэглэгчийн ямар нэг  худалдааны төвийг сонгон үйлчлүүлэхэд тэр худалдааны төвийн тухай мэдээллүүдийн нөлөөллийг тодорхойлох

Хэрэглэгчийн сонголтонд түүний нас болон боловсрол нөлөөлөх үү гэдгийг тогтоох

6

Тоглоомын онолын аргууд

Game theory

Тодорхойгүй нөхцөл болон зөрчилтэй байдалд шийдвэр гаргахтай холбоотойгоор үзэгдэл, процессийг судлахад чиглэсэн математикийн аргуудыг агуулна

 

Өрсөлдөөнд давуу байдал олж авах

Өрсөлдөгчийн стратегийг мэдэх

Эрсдэлтэй болон тодорхойгүй нөхцөл дэх бараа солилцооны загварчлал байгуулах

Эрсдэлтэй болон тодорхойгүй нөхцөл дэх маркетингийн стратегийг боловсруулах

Эрсдэлтэй болон тодорхойгүй нөхцөлд маркетингийн шийдвэр гаргах

7

Эрсдэлийн шинжилгээ ба үнэлгээний аргууд

Risk analysis and evaluation methods

Шийдвэрийн хувилбаруудаас нэгийг нь биелүүлэх үед гарах боломжит алдагдлын түвшинг тодорхойлох аргууд

Зах зээлийн үнэлгээ

Зах зээлийн сонголт

Нийлүүлэгчийн сонголт

8

Олон утгат логик (тодорхой биш логик)-гаргалгааны аргууд

Fuzzy logic

Тухайн нөхцөл байдлын өөрчлөлтийн хурд ба оролтоос хамаарах гаралт болон оролтын түвшинг (үнэний түвшин) тодорхойлоход ашиглагддаг n утгатай логик системийг удирдах систем

Зах зээлийн үнэлгээ

Барааны сонголт

Барааны борлуулалтын таамаглал

Маркетингийн шийдвэрийг дэмжих системийг автоматжуулах

9

Математик програмчлал

Mathematical programming

Хязгаарлагдмал нөхцөлд бүх боломжит хувилбаруудаас хамгийн сайн хувилбарыг сонгоход зориулагдан боловсруулагдсан тооцооны аргууд болон онолыг багтаасан математикийн салбар ухаан

Үйлдвэрлэлийн цогц төлөвлөлт

Нөөцийн хяналт, зохицуулалт

Үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөө гаргах

Бүтээгдэхүүн хуваарилалтын төлөвлөлт


Эндээс математик загварчлал, тооцоолол, шинжилгээний аргууд нь менежмент ба маркетингийн хувьд маш өргөн хэрэглээтэй болох нь харагдаж байна. Үүнийг практик амьдрал дээр 1980 онд АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас математик аргуудыг удирдлагын шийдвэр гаргалтанд хэр ашигладаг талаар авсан судалгаагаар давхар харуулж болох юм. Хэдийгээр энэ судалгааг олон жилийн өмнө авсан боловч өнөө үед математик аргын хэрэглээ нь мэдээллийн технологи, компьютерчлэлтэй нэгдэн улам илүү хүчирхэг, өргөн хүрээтэй болсон юм. 

Дараах хүснэгтийн эхний багананд математик загварчлал, тооцоолол, шинжилгээний аргуудыг, хоёрдугаар баганад нийт судлагаанд оролцогчдын дотор тухайн аргыг хэрэглэдэг гэж хариулсан оролцогчдийн эзлэх хувийг оруулсан байна.

Хүснэгт 3 

Математик аргууд

Хэрэглэгчдийн эзлэх хувь

1

Статистикийн шинжилгээ

98,4

2

Компьютерт загварчлах

87,1

3

Сүлжээний аргууд

74,1

4

Шугаман програмчлал

74,2

5

Дарааллын онол

59,7

6

Шугаман бус програмчлал 

46,8

7

Динамик програмчлал

38,7

8

Тоглоомын онол

30,6


Үүнээс харвал менежмент ба маркетингийн үйл ажиллагаанд математик аргуудын хэрэглэгдэх хүрээ маш өргөн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд ялангуяа статистикийн шинжилгээний аргууд болон оптимизацын аргууд түлхүү ашиглагддаг байна. Иймд төрийн болон бизнесийн байгууллагуудад математик аргуудыг эзэмшсэн менежмент,  маркетингийн мэргэжилтнүүд илүү шаардлага хангах боломжтой юм.