БШУ-Ы ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭТ СУРГУУЛЬД АЖИЛЛАВ.

Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг судалж, орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж, цаашид хотхон байгуулах газар, орчин нөхцөлийг судалж, сургуулиудын удирдлагуудтай уулзлаа. Тус аймгийн тухайд ШУТИС, МУИС-ийн харьяа сургуультай. Аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ. Ингэхдээ ажлын төлөвлөгөө, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ажиллана.

ШУТИС: ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 1975 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хичээлийн хоёр байр, нэг дотуур байртай. Нийт 1500 оюутны хүчин чадалтай боловч өнөөдөр 368 оюутан суралцаж, 98 багш, ажилтан ажиллаж байна. Дотуур байрын хувьд 90 оюутан амьдарч байгаа юм. Бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, хотхоны зохион байгуулалтад оруулахын тулд Засгийн газрын зүгээс орчин нөхцөлийг бүрдүүлж, оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш, ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болон өргөжих, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд 50 га газар, дэд бүтэц, барилга байгууламж, судалгааны цогц лабораториуд, багшлах бүрэлдэхүүн шаардлагатай болохыг сургуулийн удирдлагууд хэлэв.

МУИС: МУИС-ийн харьяа “Эрдэнэт” сургууль нь 1992 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 509 оюутан, 59 багш, ажилтантай, 50 ортой оюутны дотуур байртай. Бүрэн хүчин чадлаараа 900 оюутантайгаар ажиллах боломжтой. Оюутны тоог хоёр дахин өсгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд цогцолборын зохион байгуулалтад оруулах асуудлыг судалж байна. Төрийн өмчийн зургаан их сургуулийн хамтралын хүрээнд хөтөлбөрийн давхардалгүй болж, орон нутагт оюутны хотхоныг цогцоор нь шийдвэрлэх юм.

Дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт их сургуулиудын цогцолбор байгуулах асуудлаар Дархан, Орхон, Өмнөговь аймгуудад ажиллаж, судалгаа хийв. Энэ үеэр орон нутаг, их, дээд сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагааны талаар удирдлагуудтай нь уулзалт хийсэн юм.