МУИС-ийн Эрдэнэт сургуулийн СЭЗ-ийн тэнхим санхүүгийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ой, “Санхүүч” мэргэжил сурталчилах 7 хоногийн аяны хүрээнд “Өнөөдрийн сонголт-Маргаашийн баталгаа” ажил олгогч, төгсөгч, оюутантай хийх уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 12 сарын 09-ны өдөр 306 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэг нь санхүүч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийнхээ онцлог, мөн чанар, боломжуудыг танин мэдэх, мэргэжлээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх, мэргэжилтэн болж төлөвшихөд туслах, чиглүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн бизнесийн удирдлагын 1-р түвшний оюутнуудад санхүүч мэргэжлийг сурталчилах, мэргэжлийн чиглэлээр сонгоход шаардлагатай мэдээллээр хангах, чиглүүлэх үүрэгтэй байв.
Ажил олгогч, төгсөгчтэй хийх уулзалт СЭЗ-ийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлын нэг бөгөөд тус хичээлийн жилд “АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА” сэдвийн дор санхүүч мэргэжлээр суралцаж буй 2-4 түвшний оюутнууд болон бизнесийн удирдлагын 1-р түвшний оюутнууд, нийт 70 гаруй суралцагчид, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөл оролцож, 2 үе шаттайгаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нэгдүгээр үе. АЖИЛ ОЛГОГЧ-ОЮУТАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ.
Ажил олгогчдыг төлөөлөн Орхон аймгийн татварын хэлтэсийн дарга Б.Цэвээнсүрэн /ТУАБ/, захиргаа, хуулийн тасгийн дарга Б.Сүнжидмаа /ТУАБ/, Эрдмийт ХХК-ны захирал Б.Мөнхтүвшин, Хас банкны Орхон салбарын захирал Б.Энхнасан, Төрийн банкны ахлах эдийн засагч Э.Энхтүвшин нар урилгаар оролцож суралцагчдад үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгч сонирхсон асуултанд нь хариуллаа.
Энэ шатанд оролцогчдод МУИС-ийн Оюутан төгсөгчдийн хэлтэсийн хийсэн “Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа”-ны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлгийг дараах чиглэлээр зохион байгуулсан.
- Төгсөгчдөд ажил олгогчийн зүгээс тавьж буй шаардлага
- Төгсөгчдийн ур чадвар, мэргэжлийн чиг баримжааны талаар ажил олгогчдын санал
- Санхүү хөтөлбөрийн онцлог, давуу тал, боломж
Уулзалтын явцад оюутнуудаас “Оюутан суралцах хугацаандаа мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний мэдлэг, чадвар эзэмшвэл зохих вэ”, “Ажлын байрын ярилцлага ямар хэлбэрээр зохион байгуулагддаг вэ?”, “Спорт урлагын авъяастай байх нь сонгон шалгаруулалтанд нөлөөлөх үү?” зэрэг асуудал оюутнуудын анхаарлыг хамгийн ихээр татсан хэлэлцүүлэгийн гол сэдэв байсан.
Хоёрдугаар үе. ТӨГСӨГЧ-ОЮУТАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ
Төгсөгчдийг төлөөлөн Эрдмин ХХК-ны санхүү, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Г.Алтансүх, Анд энержи ХХК-ны эдийн засагч П.Бямбасүрэн, Баян-Өндөр сумын ИТХ-ийн төлөөлөгч, НВО ХХК-ны захирал Ц.Оргилболд, “Нэт капитал” ББСБ-гийн гүйцэтгэх захирал Н.Төрмөнх, Орхон аймгийн ШШГГ-ын санхүүгийн албаны дарга Т.Буянболд нар уригдаж оролцож Ард Кредит ББСБ-ийн цахим зээлийн эрсдэлийн менежер Ө.Мөнхтөр цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн.
Тэд төрөлх сургууль болон санхүүч мэргэжлийн онцлог, төгсөөд ажлын байранд гарах хүндрэл, түүнийг хэрхэн даван туулах арга зам, суралцах хугацаандаа анхаарвал зохих асуудал зэргийн тухай ярилцаж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өгсөн. Уулзалтын төгсгөлд оюутан залуус хүндэт зочид, төгсөгчдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж ая дууны мэндчилгээ өргөж халуун дулаан уур амьсгалтайгаар өндөрлөв.
Уулзалт хэлэлцүүлэгт нэр хүнд бүхий ажил олгогчид болон төгсөгчдийн төлөөллийг урьж оролцуулан оюутнуудад үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн, суралцах идэвх хүслийн бадраасан, санхүүч мэргэжлийн мөн чанар, онцлогийг сурталчилсан, судалгаанд суурилсан бодит мэдээлэлд тулгуурласан ач холбогдол бүхий ажил боллоо гэж дүгнэж байна.