Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль (тухайн үеийн нэршилээр)-ийн захирлын 2002 оны 08-р сарын 29-ний өдрийн 38 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд 18 дахь жилдээ “Бүртгэл, санхүүгийн мэдээллийг боловсруулж, даяаршсан бизнесийн орчинд ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны нэгж байна” гэсэн эрхэм зорилготойгоор сургалт, эрдэм судлалын үйл ажиллагаагаа явуулж буй МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын ууган тэнхимүүдийн нэг юм.
Тус тэнхим нь энэ хичээлийн жилд “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр бакалаврын түвшний өдөр, эчнээ хэлбэрээр болон магистрын түвшний сургалтандаа нийт 150 орчим оюутан суралцагчидтай, нийт 6 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 83% нь Мэргэшсэн Нягтлан бодогч, 33% нь Татварын Мэргэшсэн Зөвлөх, 17% нь Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин, 50% нь Хараат Бус Аудитор бөгөөд багш нарын 83% докторантурт суралцаж байна.
Тус тэнхим нийт 16 удаагийн төгсөлтөөр нийт 1,671 суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байгаа бөгөөд нийт бакалаврын түвшний төгсөгчдийн 82 төгсөгч нь “Банкны эдийн засагч, нябо” хөтөлбөрөөр, 14 төгсөгч нь “Нягтлан бодогч-Эдийн засагч” хөтөлбөрөөр, 1,484 төгсөгч нь “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр төгссөн. Нийт төгсөгчдийн 91 төгсөгч нь магистрын түвшний, 975 нь бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрөөр, 605 нь бакалаврын түвшний эчнээ хөтөлбөрийн төгсөгчид байна. Нийт төгсөгчдийн 67% орчим нь ажлын байраар хангагдсан бөгөөд дийлэнх нь мэргэжлээрээ төрийн болон бизнесийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, төрийн бус болон олон улсын байгууллагад ажиллаж байна.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь их сургуулийн түвшинд хүрч ажиллахын тулд багш, суралцагчдын эрдэм судлал, судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг бөгөөд одоогоор тус тэнхимийн багш, суралцагчид 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 25 орчим ном, сурах бичиг, гарын авлага, 80 гаруй байгууллага, иргэний захиалгат болон гэрээт (төсөлт) ажлууд, 100 орчим бакалавр, магистрын судалгааны ажил зэргийг туурвиад байна.
Бид “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр “Олон улсын стандартад нийцсэн онолын болон практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан бүртгэл-санхүүгийн мэдээллийг бүрэн боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн бэлтгэх” зорилгыг тавьж ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд суралцагчдад дараах мэдлэг, ур чадвар, чадамжийг эзэмшүүлнэ.
Оюутны эзэмших мэдлэг:
- Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд, мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг, нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа, санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй, зардлын бүртгэл, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд, санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт, бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онцлог, татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо, Нягтлан бодох бүртгэлийн ажилтаны мэргэжлийн ёс зүй
Оюутны эзэмших ур чадвар, чадамж:
- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах, байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах, санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах, үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах, санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх
Мөн оюутан, суралцагч, төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаас гадна багаар ажиллах чадвар, харилцааны соёл, өөрийн байр суурийг зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал, сайн дурын оюутны клуб, спортын болон урлагын тэмцээн уралдаан, явган аялал, байгаль орчин-эко аялал, бусад бүтээлч ажлууд, нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажил, сайн үйлсийн аян, мэргэжил сурталчилах аян зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулахаас гадна сургуулийнхаа хэлний салбарыг түшиглэн суралцагчдыг англи, орос, хятад, япон зэрэг хэлний хавсрага хөтөлбөрөөр суралцуулах, гадаад хэлний оройн курст хөнгөлөлттэй үнээр хамруулах, бусад нөхцлөөр гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд дэмжин ажиллах, мэргэжлийн гадаад хэлний чадвар эзэмшүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагчид нь өөрийн суралцаж буй хөтөлбөрөөрөө “Татварын нягтлан бодох бүртгэл”, “Нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалт”, “Нягтлан бодох бүртгэл, мэдээллийн систем” гэсэн гүнзгийрүүлсэн чиглэлээр суралцах боломжтойгоос гадна бусад тус сургуульд бэлтгэж буй мэргэжлүүдийг хос, хавсрага хөтөлбөрөөр суралцаж хос мэргэжилтэй болох бүрэн боломжтой.
“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр суралцагчид Монгол улсын болон Олон улсын Мэргэшсэн Нягтлан бодогч (АССА), Татварын Мэргэшсэн Зөвлөх, Хараат Бус Аудитор ба Баталгаажуулах Үйлчилгээ, Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин, Мэргэшсэн Дотоод Аудитор, Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогч, Худалдан Авах Ажиллагааны Мэргэшсэн Мэргэжилтэн болох зэргээр карьер өсөлт хийх, хөрвөх чадвартай болох зэрэг давуу талууд бий болдог бөгөөд ингэснээр үнэ цэнэтэй хүмүүн капитал болж чаддаг.